Pages

Wednesday, December 28, 2011

Салхин тээрэмтэй байлдсан нь

"Долдугаар сарын 1-ний үймээн самуун" болоод өн­гөрлөө. Дараа нь дөрвөн өдөр ардчилалгүй амьдрав. Зураг­таар үр дагаврыг нь жигшсэн хүмүүс л ярилцлага өгөх эрхтэй. Энэ "үймээний" учир жанцанг тайлбарлах, ядаж шалтгаан, шалтаг, оролцогс­дын талаар ярих хүмүүсийн ам хаалттай. Бичлэгээс тас­даж авсан хэсгийг л харуул­на, тэр хэсэг бол эрх баригч­дын өмнөө барих бамбай, ухуулга сурталчилгааны гол зэвсэг бололтой, хүмүүсийг намнасан талаар, агнасан талаар гэрчүүдийн ярьсан хэсгийг яачихав?! Ганц удаа хальт гаргаад янз нь тайраад шатаасан бололтой. Буудуулж үхсэн хүний ар гэрийнхэн хэлжээ. Миний дүүгийн амь нас үнэ цэнэгүй юу, байшин сав, ширээ сан­дал, морин хуур гэж гасласан хүмүүс байх юм гэж...
Тиймээ хүний амь үнэ цэнэгүй болсон газар бол Монгол Улс болчихоод бай­на... Тийм ч байлгасан хүчин төрийг барьж байна. Цаашид уртын урт дөрвөн жил төр барихаар зэхэж байна. Тэ­рийг мэдэр­сэн хүмүүс ядах­даа тэр нь эрх зүйн хувьд хүчинтэй эсэхийг, сонгууль шударга явагдсан эсэхийг шалгуу­лахыг хүсэж л жагсаж эхэлсэн юм, уул нь.
Гэтэл анхнаасаа л байшин шатаахаар, хэдэн хуур эв­дэж, хаард хулгайлж тэгээд буудуулж үхэхийн тулд жагс­сан юм шигээр тайлбарлах юм. Үг хэлсэн, мэдэгдэх хуудсаа өгөх гэсэн хүмүүс шоронд орж цаазлуулах ял авахыг хүссэн хэрэг үү, ОЛНЫ НҮДЭН ДЭЭР ИНГЭЖ ТӨЛӨВЛӨӨД ХИЙХ ДУРАК одоохондоо Монголд арай төрөөгүй байна. Бид 18 жил ардчилсан нийгмийг, зах зээлийн эдийн засагтай нь хамт байгуулж ирлээ гэж өөрсдийгөө болоод дэлхий нийтийг хуурч байс­наа долдугаар сарын 1-нд олж мэдэцгээлээ. Бид олигархи ба пролетарийн нийгмийг, монопольт эдийн засагтай нь байгуулж иржээ. Энэ чулуу шидсэн, эв­д­лэн сүйтгэсэн, шатаасан хүмүүс сарнаас юм уу, ха­жуу хөрш орноос ачигдаж ирээ­гүй, бидэн дотор байгаа бид­ний л нэг хэсэг. Өөдөөс нь бамбайн дор бултганан гарч ирж, бороохойдож өдчихөөд, барьсан, зодсон, алсан хү­мүүс нь төрийн төлөөлөгчид. Хэн өдөөж, тэр сөдөөгөөд гэж маргаад, тэрийг халж, энийг хориод асуудлыг шийддэг бол сайхансан. Нэг нь байраараа шатаад, нөгөө нь сонгуу­лиараа шатжээ. Харилцан зодоон болчихоод хэнийг нь хориод хэнийг нь шагнах юм бэ гэж нэгэн хүүхэн голыг нь олоод хэлчихсэн. 
1990 оноос хойших шил­жилтийн гэгдэх хүнд үед эрх нь хавчигдаж ядуу зүдүү өссөн, ажил төрөл, сургууль соёлоос завсардсан, тран­шей­ныхан, шил түүгчид, орон гэргүйчүүд, өвгөнтийнхөн, бизнесээ булаалгасан, хадга­ламж зээлийн хоршоонд мөн­гөө алдсан, мөнгөн ус, цианит натрид хордсон, зуд турханд малаа алдсан, газрын хэвлийг ухаж идэгсдийн ачаар ус гол ширгэж, ургах өвсгүй болсон нутгаас нүүж ирэгсэд, өдөр бүр өсөн нэмэгдэж буй үнийн дарамтад туйлдсан, сонгууль шударга болоогүйд бухимд­сан, ард түмэнд харьяалагдах газрын баялгийн дахин ху­ваарилалтын зодооныг харж жигшсэн, ирээдүйдээ итгэлээ алдсан сэхээтнүүд нэг үгээр хэлэхэд Монголын пролетари нар цуглаанд ирсэн байлаа. 
Хоёр талын чулуун байл­даан дундуур ундааны лонх түүгээд явж байсан ээж хүү хоёрын бичлэгийг олон хүн үзсэн байх. Нийгмийн ийм том бүлэг үүсчээ. Одоо яах вэ. Эрх бариг­чид буу шийдмээ сайжруулъя л гэж дөрвөн өдөр ярилаа. Бороохой нь цөөдөөд, бамбай дуулга нь хагараад, бас буу нь дутаад байна гэнэ. Бай­шингаа бариад, 100 морин хууртай болчихвол болмоор ч юм шиг, буу шийдэм, шорон, цагдаагаа ихэсгэвэл ирээдүй найдвартай гээд байх шиг байх юм. Энэ хүмүүст нэг сая төг­рөг юм уу 1.5 саяыг өгөөд бас шийдчихгүй юм байна лээ, эрүүл эсэх нь эргэлзээтэй нэг хүн уул нь нэг сая төгрөг "авсан" л гэж хэлсэн шүү дээ. Өдрөөс өдөрт өсөн нэ­мэгдэж буй пролетари ангийн­хаа төлөө юм хийх цаг дуртай ч, дургүй ч эрх баригчдад тулж иржээ. Жигшээд, гас­лаад, уйлаад, дуулаад, зуу, мянгаар нь бариад тоог нь цөөлж ухамсарт нь нөлөөлнө гэж бодохгүй байна. Иргэдийн СОНГУУЛЬД, ТӨРД, ХУУЛЬД итгэх итгэлийг ТӨР дааж байгаагаа яг одоо харуулах цаг иржээ. Эс тэгвэл ирэх дөрвөн жил өнгөрсөн дөрвөн өдөр шиг л үргэлжлэх болно. 

No comments:

Post a Comment