Жаал хүү анх удаа эмээтэйгээ холын аянд гарч буйг хэлэх үү, бас ч гэж их үйлсийг бүтээнээ хоёулаа гэж эмээгийн хэлснийг санаж хамрын үзүүрт бурзайх хөлсөө шудран алсын замыг ширтэнэ.
Нуруундаа үүрсэн гандсан хөх уутанд нь цагаан будааны хошоод гамбир, Тан эгчийн жигнэж өгсөн дөрвөн ширхэг мантуу, хатааж нунтагласан атга борц, гацааны дэлгүүрээс өр тавьж авсан хоёр шил ус байх. Ийм их хүнс базаасныг бодоход үнэхээр холын аялал болох нь дээ хэмээн хүү дотроо баярлана.
Хавиргыг нь холоос хараад тоолчихдог гучаад хонь гандсан шар талын шороог пургиулан, урагш хойш идэш хайн байх нь гацааны нийт мал юмсанж. Ийм ч нутаг, ийм ч мал байгаагүй юм даа хэмээн Бадам авгай шүүрс алдав. За яах вэ, ямар ч байсан хоёулаа явгаар ч болтугай суурин орж, өөрсдийн зорьсныг биелүүлнээ хэмээн хэн нэгэнд хорссон мэт өгүүлнэ.
-"Эмээ та эх орноо аврах гэж яваа тээ" хэмээн томчуудын ярианаас цээжилж авсан үгээ хэлсэндээ хүү их л додигор байна. "Та саналаа өгчихвөл бид Монгол орноо буцаагаад авна тээ"...
Энэ удаа эмээ нь дуугарсангүй, гүн бодолд дарагдан цар гэх царцаагүй үхмэл шар талыг гөлрөн, тэртээх он жилүүдийн урсгал дунд бодлоороо хөвөн байж, "Хэнээс, юунаас энэ бүхэн болчихвоо..." хэмээн олон жилийн турш өр зүрхээ сэмлэн, өөрөөсөө асуудаг асуултдаа хариу хайн бэдэрнэ.
Монгол орноо бид хэрхэн алдлаа...
Хүннү Сүннүгийн үеэс өвсний соргог, усны тунгалгийг даган багшрах мал сүргээ дагаж, эрх дураараа, омголон сүрлэг явсан ихэс дээдэс маань хүчирхэг Чингэсийн үеэс дэлхийн цээжийг тэрлэсэн гүрэн улсаа байгуулж, тэнгэрлэг удмаараа цоллуулж явсан сан. Үүний дараахь 200 жилд эргэж тарж бутарсан боловч Монголын сүүлийн хаан Цахарын Лигдэнг Манжийн хаан Абахай их хүчээр дайрч цохиход зугтаж гарсан хаан өвчнөөр нас барах хүртэл монгол төрийн тамга монгол хүний гарт байсан.
1636 онд Монголын өмнөд 16 аймгийн ноёдын чуулган болж, Абахайг Монголын хаанд өргөмжлөн, төрийн хас тамгыг түүнд өргөн барьжээ.
Монголын ноёд Түвдийн шарын шашинд автаж, эд баялаг, гүнж, хатан, шан харамж, цол гуншин эд бүгдийг Манжийн хаанаас хүртэхийн тулд ээлж дараагаар дагаар орцгоосон ч Халхыг эзлэхэд 50 жил, Ойрадыг эзлэхэд 100 жил шаардагдсан билээ. 1691 онд Долнуурт Чин династийн эрхийг хүлээн Манжийн хаан Кан Ситэй монголчууд вассалийн гэрээ байгуулснаар 200 гаруй жил үргэлжилсэн Манжийн дарлал эхэлсэн.
1911 оны аравдугаар сараас 1912 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаа бол Хятадын хяналт түр суларч монголчууд тусгаар тогтнолоо тунхаглах, түүнийгээ оросуудаар дэмжүүлэх боломж олдсон, үүлэн чөлөөний нар лугаа өчүүхэн богино хугацаа байсан.
Монгол орны хувь заяаг хөрш хоёр орон бидний оролцоогүйгээр шийдэж ирснийг доорх гэрээ хэлэлцээрүүд харуулдаг.
1689 оны наймдугаар сарны 27-нд Романовын хаант Орос, Чин династийн Хятад хоёр Нэрчинск гацаанд хийсэн гэрээний өмнөхөн Монгол Улс өмнөд хэсгээ хятадуудад, умард хэсгээ оросуудад алдсан бөгөөд аль аль талаас өөрсдийн иргэдийг шилжүүлэн суулгах ажил явагдсан. 1727 оны аравдугаар сарын 31-ний Орос, Хятадын хилийг тогтоосон Хиагтын, 1860 оны Бээжингийн, 1864 оны Чугучакийн, 1881 оны Санкт-Петербургийн, 1910 оны Цицихарын гэрээ, 1913 оны Орос, Хятадын тунхаг, 1915 оны Хиагтын гэрээ, 1924 оны Бээжинд болсон Хятад, Зөвлөлтийн хэлэлцээр, 1945 оны наймдугаар сарын 14-ний Зөвлөлт, Хятадын гэрээ гэх мэт.
Монголчууд 1924 онд Зөвлөлтийн вассаль орон болох замдаа орж дагуул орон, ЗХУ-ын материал техникийн бааз, хагас колони маягаар 70 жил оршин тогтноод 1990 оны ардчилсан хувьсгалаар 300 жилийн дарлалаас ангижирч өөрсдийн тулгар төрөө байгуулж улс төр, эдийн засгийн тусгаар бодлогыг явуулж эхэлсэн билээ.
Үүлэн чөлөөний нар мэт олдсон эрх чөлөө, тусгаар тогтнол 18-хан жил үргэлжлэх байсан гэж үү...
1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр Хятадын Засгийн газрын ажиглагчдын хараан дор бүх ард түмний "Тусгаар тогтнолын санал асуулга" болж ард түмэн тусгаар тогтнолыг "зөвшөөрөв", "татгалзав" гэдэг хоёр үгийн аль нэгийн доор хурууныхаа хиурыг дарж байсан явдал яагаад XXI зуунд дахин давтагдах болов оо?!
-Эмээ унаа ирэхгүй нь ээ, хоёулаа харих уу хэмээн ач хүүгээ асуухад Бадам гүн бодлоосоо сая ангижирч
-Болохгүй миний хүү хоёулаа явгаарч болтугай хүрэх ёстой хэмээн хүүгээ хөтлөн зам даган алхаж эхлэв.
Өвгөн минь хамт явах чадалтай байсан ч болоосой, муу машинаа унаад хоёулаа хөндлөн гулдгүй нутгаараа явдаг сан, сайхан ч цаг байж дээ. Бадам залуу насаа дурсмагцаа хөл нь хөнгөрөх шиг болж, алхаа нь хурдасхад хүү явуут дундаа дээшээ өлийж эмээгээ гайхан харна.
Хүүхдүүд том болж, тусдаа гарцгааж бүгд л дор дороо орон гэр, үр хүүхэдтэй болцгоож, зав зайгүй л ажил төрөлдөө зүтгэдэг сэн. Хааяа аав ээж дээрээ ирцгээж, мал хадлангийн ажилд нь туслалцаад өрөм, ааруултай буцдаг байлаа. Манайх ч бас олон малтай байсан шүү, залуу насны эрчээр л ажлыг нь нугалдаг байж дээ. Бадам бодлынхоо үргэлжлэл болгож:
-Ээ дээ, малын буян бас арвин байсан шүү, төрийн минь сүлд өршөө гэж хэлчихээд хэлсэн үгнээсээ жийрхлээ.
Төр биднийгээ өршөөнө гэж хатуу итгэлтэй явсан ардынхаа итгэлийг төр маань даасан билүү...
Тэр жилийн сонгуулийн дүр төрх нүдэнд нь буулаа. Олон сайхан амлалт хэлсэн нэр дэвшигчид ажил хийлгэхгүй, мал үргээж, машинтайгаа тоос татуулан цувцгааж байсан. Тэдний дундаас хамгийн олон ирсэн өндөр шар залуу зузаан дугтуйтай мөнгө, архи, гурил, будаа өгч, их мөнгө амлаад
-Та юм авснаа битгий хүнд мэдэгдээрэй, та нар намайг сонговол дөрвөн жилдээ би та нарыг идээ будаагаар дутаахгүй, бас хойд гол дээр чинь гүүр барьж өгөөд, хотоос тог татаж ирнэ, тавган антенн ч суурилуулна. Та миний нэрийг л дугуйлаарай гэж аминчлан захиад явж билээ. Хөөрхий дөө, нутгийн хүний үр сад аль нь ч ялгаа юу байхав дээ, бидний төлөө мөнгө төгрөгөө үрээд явж байхад, хүний юмийг авчихаад юу гэж л хүрэл нүүр гаргах вэ гэж айл хотоороо шийдээд тэр залууг депутатаар сонгож билээ.
Тэгээд яалаа даа, тэрний нам нь ялаад, мань хүн сайд болж, бид ч хэрдээ баяр хөөртэй бардам байсан сан. Хойд айлын Найдан л ганцаараа та нар улсаа гурил будаагаар худалдаад, хайран ч Оюу толгой, Таван Толгой минь, бид эргээд хүний боол болох цаг ирлээ дээ гэж муу амлаад уур хүргэдэг байж билээ. Өвгөн бид хоёр хоорондоо
-Хэ цэс! төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг шиг энэ Найдан одоо хоосон амнаас цаашгүй хүмүүсийг сонгочоод, тэд нар нь ялагдсан болохоор атаархаад ингэж байгаа юм гэж хэлцэж билээ.
Удахгүй яалаа даа, бужигнасан хар хятадууд өдөр бүр үй олноороо машин техниктэйгээ цувцгааснаа, газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж бутлаад, шинэ тавьсан төмөр замаараа өглөө үдэшгүй урагш нь зөөж, ёстой л нэг хөгжил гэдэг нь ирж, хэн хүнгүй баяжих нь ээ гэж бодогдуулж билээ. Удаж төдөлгүй тэгсэн чинь бэлчээр нутгаасаа ч хөөгдөж, өдрөөс өдөрт ширгэж байсан гол горхиудыг бараадаж нүүсээр бас ч нэг хоёр жилийг давсан даа.
Харсаар байгаад хамаг малаа харангадуулж үхүүлэлтэй биш, хэд гурван төгрөгөөр зараад барсан даа чааваас.
Хүүхдүүд бүгдээрээ ажил олж хийхээр гадаад орнууд руу яваад өгцгөөсөн, өвгөн зүгээр суухаар гэж уурхайд хэдхэн сар ажиллаад биегүй болж, одоо ч гэрээсээ гарах тэнхээгүй , ямар сайндаа бид хоёр ингэж мунгинаж явах вэ дээ.
Дараагийн сонгуульд ёстой хууртахгүй дээ гэж хатуу санаж байтал сонгууль ч болоогүй, болоогүй ч гэж дээ ерөнхийлөгчийн засагтай болж Ерөнхийлөгчөө сонгосон юм байна шүү.
Урд зурагтаар эд ингэж байна, бид ингэнэ гээд л маргалддаг сан одоо амар жимэр таг болжээ, юу ч болоод байгааг хэн ч мэдэхгүй, хэлэх ярих зүрхтэй ч хүнгүй. Нэгэн хэвийн өдрүүд хэдэн жилээр цувна. Хэн хэзээ ирж юуг өөрчлөх бол гэж хүлээж найдах ч юмгүй.
-Эмээ та сайн явж байна уу хэмээн араас нь хүн дугарахад хүүтэйгээ хоёулаа цочин эргэж харлаа. Цэнхэр алчуураар үсээ далдлан зангидсан, улаан эрээн цамцныхаа ханцуйг шамлаж, хөх өмд, хар шаахай өмссөн хөрслөг бор хүүхэн тэднийг гүйцэн иржээ.
-Сайн сайн, миний дүү, хаа орж яваа юм бэ?
-Саналаа өгөх гээд, унаа хүлээгээд байдаггүй шүү, уул нь гацаа бүрт унаа ирүүлнэ гэж зарлаад байсан шүү дээ.
-Харин тиймээ, одоо болтол ирээгүй юм чинь аягүй бол ирэхгүй нь ээ, хүү минь ядарч байх шиг байна. Ингэхэд гурвуулаа суугаад унд ууя, энэ чинь бас нэлээн явчлаа шүү, Бадам ингэж хэлээд хаашаа сууя даа хэмээн хэсэг ажигласнаа, шар шороон дээр өвдөглөн сууж, миний хүү суу, эвий минь бүр ядраад, өлсөж цангаж гүйцсэн байх даа, чи ч гэсэн суу хэмээн хүүхнийг урив.
-Үгүй ээ эмээ би юм идэхгүй, саяхан ундалсан, та хоёр л идэж уу, харин би жоохон хөлөө амраая гээд шаахайгаа тайлж хөлөө сэрүүцүүлнэ.
Бадам хүүдээ ус, мантуу гаргаж өгөөд өөрөө ч идэж уухын далимд
-Чи хаанаас яваа хүүхэд вэ гэж сониучирхав.
-Аан би уурхайнх аа, манайхан бүгд өглөө явчихсан, би ганцаараа гацааны айлд хоноод, тэгээд хоцроод хэмээн ичингүйрэн дуу нь сулрав.
-Бадам одоо л тэр хүүхний аялгатай яриаг анзаарч дотор нь зарс хийгээд явчихлаа. Эд нар чинь бүгдээрээ бөөн бөөнөөрөө очиж саналаа өгцгөөх юм бол гацаанд үлдсэн хэдэн явган хөгшчүүлийн санал нэмэр болох юм уу? Нийт нутагт урд хойноос ирсэн ажилчид цагаачид дүүрээд, нутгийн иргэд нь гарч дүрвээд, хүүхдүүд ч хаа юу хийж явдаг юм, сураг тасраад лав 10 жилийн нүүр үзэж байна даа, үгүй тэгээд тэд нар ч ирээд яах юм билээ, зовохын л нэмэр шүү дээ.
-Эмээ, эмээ энэ юу вэ? Алсаас асар том тоосон хөшиг хурдтай наашилна,
-Бас л угалз босох нуу дээ, энэ чинь. Өдөр бүр шахуу л угалз, шар шороо шуураад гэрээс гарах аргагүй болжээ, энэ нутаг чинь. Нутаг чинь ч гэж дээ нутаг минь гэж хэлээд Бадамын хоолой зангираад явчихав. Мянга мянган лангаар манийгаа худалдсан ноёдуудаа гэж эртнээсээ ардууд дуулдаг байсан тэр хувь заяа бас л эргээд дайрна чинээ хэн бодох вэ дээ.
Одоо тэр шар залуу дэл-
хийн том баяны нэг,
далайн эрэг дагуу эхнэр хүүхэдтэйгээ завиар зугаалж байгааг зурагтаар харсан өвгөн нь уурандаа зурагтаа таягаараа хага цохиод хагалчихсан.
хийн том баяны нэг,
далайн эрэг дагуу эхнэр хүүхэдтэйгээ завиар зугаалж байгааг зурагтаар харсан өвгөн нь уурандаа зурагтаа таягаараа хага цохиод хагалчихсан.
-Угалз биш ээ эмээ манайхан буцаж явна , өө ашгүй, би эд нартай буцлаа та хоёр хамт буцах уу гэж хүүхэн асууна. Удахгүй арваад том автобус хажуугаар тоос татуулаад өнгөрөхөд, автобусны цонхоор инээж хөхөрсөн олон эр, эм залуус гараа даллан инээлдэнэ. Хүүхэн алчуураа тайлж, даллаж дуудахад нэг автобус нь зогсож хаалгаа нээлээ,
-Зоуба, зоуба гэж хөгжилтэй байрын залуу хүүхнийг дуудаад, гараа сунгав. Хүүхэн ч инээд алдан гарнаас нь барихад залуу ганц татан оруулаад, нуруугаар нь тэвэрнэ.
-Эмээ ороод ирээ, явъя. Таны ганц санал юу болох вэ дээ гэж хүүхэн дуудна.
Та нар яваа гэж хэлчихээд Бадам хүүгээ хөтлөн тоосон хөшиг дотор орж үзэгдэхээ болилоо.
Д.ЭНХЗАЯА
No comments:
Post a Comment